Monday, 24 November 2014

Ногоон нүдэн лам номыг уншсан миний сэтгэгдэл:
Эх орны минь хөдөөгийн сайхан байгаль, тал нутаг, зуны сайхан өдрүүдийн дүрслэл, хүн зоны амьдрал аж ахуйг маш сайхан тайвнаар төсөөлөн дүрсэлж сэтгэлд зүрхэнд ойртуулсан зураглалаар эхэлдэг. Унших тусам татагдаж байсан гол шалтгаан нь Намсрай гэдэг нэгэн сайхан айлын аж амьдрал, тэдний хүүхдүүд тэр тусмаа гол дүрийн эзэн Н.Баасангийн тухай унших болгонд сайхан байдаг байлаа. Түүний Д.Сэндмаатай учирсан, хайрлаж буй, санагалзаж буй, хайрлан дурлалцаж буйг унших тусам сайхан санагдаж байв. Хэрэв бодит амьдралаас сэдэвлээгүй байсан бол, Чулуунжий Сэндмаагаас Баасанг харамласандаа Болдод Сэндмааг ятгаагүй байсансан бол... гэх бодол маш ихээр төрж харамсаж байв
"Ногоон нүдэн лам" бол бүх зүйлийг нь өөлөхийн аргагүй харуулсан сайхан бүтээл юм. Аливаа юм сайн муу талтай хэмээгээд сул талыг нь хэлье гэсэн ч тэр үеийн гашуун түүхийг таниулсных хичээл зүтгэлийнх нь төлөө муулах эрхгүй ном юм. Үйл явдал нэг бүрийг төсөөлөн одоо яах бол гэсэн түгшсэн сэтгэлээр уншсаар 2 өдөрт уншиж дуусгав. Баасан гэдэг хүний амьдралд тохиолдсон тохиолдсон баяр гуниг, аз жаргал, зовлон зүдгүүр, хэлмэгдэлт бүхнийг уншин түгшиж байв. Мөн Монголын түүхийн чухал цаг үеийг өнөөгийн хүүхэд залуучууд бид мэддэг юм шиг сонссон боловч үзсэн юм шиг уншиж байгаа нь миний хувьд анхных юм. Өмнө нь лам хүн гэж ямар хүн байдаг, чухам юу хийдэг хүн байдгийг сайн мэддэггүй байлаа. Харин энэ номыг уншсанаар лам нарыг харахдаа өрөвддөг болов. Бурхан шашин  шүтсэнээсээ болж, ламын хувцас өмсөнөөсөө болж, лам нар ямар их зовж, ямар олон гэм зэмгүй лам нар үхсэн болоо гэж бодохоос өөрийн эрхгүй өрөвдөж шимширч байв.
Бас энэ номноос миний сурсан зүйл бол хүн өөрийн гэсэн ямарваа нэгэн хийж бүтээж, урлаж, чаддаг хувийн чадвартай байх ямар давуу талтай юм бэ гэдгийг Баасан ламын чадвар, гарын ур дүйгээс мэдэж авч байлаа. Мэдээж Баасан лам ч гэсэн гэнэт л чаддаг болчихоогүй байх. Маш олон удаагийн оролдлого, юмыг багаас нь эхэлж хийж байсан байх. Өнөөдөр бид ч бас хаа явсан газраа ханцуй шамлаал ороод хийчихдэг өөрийн чадвар хэрэгтэй.
Мөн Шархүү ламаас ч бас харах сурах зүйл байна. Сайн явах санааных гэдэг. Шархүү лам маш олон хүнээс урвасныхаа төлөө, хувьсгалчдад үйлчилсэнийхээ төлөө ЗХУ-д хүртэл суралцаж байсан боловч зүгээр л явж байгаад гол унан үхнэ гэдэг нэгийг бодогдуулж байна.
Энэхүү номын сайхан зүйл нь номонд дурдадсан нэг хүн ч хүнийг орхигдуулахгүй дурдаж байсан нь сайхан санагдаж байлаа.
ТҮҮХ гэж ямар агуу зүйл болох, түүнийгээ хайрлах, ЭХ ОРОН гэдэг бүхнээс эрхэм гэдгийг маш сайхнаар харуулсан, заавал унших ёстой ном гэж санагдлаа.



Н.Оюунгэрэл